Интернэт зөвхөн мэдээлэл хайх, хүмүүс хоорондоо харилцах хэрэгсэл биш хүмүүсийн амьдралын салшгүй нэгэн хэсэг болж байна. Сүүлийн хэдхэн жилийн дотор эрчээ авч буй соошл сүлжээнүүдийн нөлөө үүнд асар их. Олон жилийн өмнө таньдаг хүмүүс маань хаана юу хийж байгааг бид дам дамаар сүүлд мэддэг байлаа. Гар утас нэвтэрснээр хугацаа нь арай багассан.
Харин соошл сүлжээнүүдийг ашигласнаар та өөрийн таньдаг хүмүүс хаана юу хийж байгаа, хэнтэй танилцаж байгаа гээд олон зүйлийг шууд тэр доор нь өөрөө хайж мэдэх боломжтой болсон. Энгийн үгээр таны амьдралын нэгэн тусгал интернэтэд бий болсон гэсэн үг.
Тест
Цаашид интернэт улам соошл болох хандлагатай байна. Энэ нь технологид ч хамаатай. Олон төрлийн соошл үйлчилгээнүүд бий болж, аль нь мэдэгдэхгүй болж эхэлсэн. Харин үүнтэй зэрэгцэн олон төрлийн соошл сүлжээний сайтууд дахь хэрэглэгчдийн мэдээлэлд нэгдсэн стандартаар хандах олон соошл сүлжээнүүдэд ажиллах чадвартай өргөтгөлүүд хийх ажлыг хөнгөвчилж Google-ийн зүгээс Google Open Social стандартыг танилцуулсан. Ихэнх томоохон соошл сүлжээнүүд үүнийг мөрдөж эхэлсэн.
Саяхан Yahoo-ийн зүгээс Yahoo! Open Strategy гаргаж Интернэтийн түүхэнд шинэ хуудас нээнэ хэмээн зарлалаа. Ингэснээр цаашид Yahoo дахь олон сая хүмүүсийн мэдээллийг бусад сайтууд үр дүнтэйгээр ашиглах гэх мэт өргөн боломжууд нээгдэх юм.
Google, Yahoo нарын энэ байдлаас харахад интернэт цаашид асар хүчтэй дэд бүтэц бүхий аваргууд дээр түшиглэн, илүү нээлттэй илүү өргөн боломжтой, илүү нэгдмэл байдалд орох байх гэж бодож байна.
Үүнийг баталж Yahoo-ийн зүгээс Open ID дэмжих ажлаа эрчимжүүлж эхэлсэн, Google-ийн зүгээс Google Apps, Google App Engine зэрэг өргөн боломжтой сонирхолтой үйлчилгээнүүд нэвтрүүлсэн гээд олон зүйлийг энд тоочиж болно.
Энэ тохиолдолд Монгол вэбүүдийн хувьд ямар загвараар хөгжих нь ашигтай бэ гэдэг сонирхолтой асуулт болон гарч ирнэ. Миний бодлоор бид цаашид аваргуудын дэд бүтэц дээр суурилсан өөрсдийн онцлогийг тусгасан хосолмол загвараар явах нь зүйтэй болов уу.
Бид интернэт дэх чиглэл бүрийг жижигрүүлэн монгол болгохын оронд, том урсгалыг дагаж, аль болох нээлттэй стандартуудыг мөрдөж, дээрээс нь өөрсдийн онцлогийг шигтгэх хэрэгтэй. Зарим хүмүүс англи хэл дээрх сайтуудыг хэрэглэж болоод байхад заавал Монгол хувилбар хэрэгтэй юу ч гэдэг. Зарим нь Монголчууд чадна бүгдийг өөрсдөө хийнэ ч гэдэг.
Би хувьдаа үүнийг яг ямар зүйл дээр гэдэгтэй нь уялдуулж ойлгох хэрэгтэй гэж боддог юм. Жишээлбэл Google Apps гэж үйлчилгээ байдаг үүнийг ашигласнаар Banjig Mail үйлчилгээг бид нээсэн. Google Apps ашиглаагүй бол бид хэзээ ч Google, Yahoo шиг хэмжээнд багтаамж ихтэй и-мэйл үйлчилгээ үзүүлж чадахгүй л байх байсан болов уу.
Энэ нь бид зөвхөн нээлттэй стандартуудаар аваргуудтай мэдээлэл солилцох төдий биш харин аваргуудын дэд бүтэц дээр мэдээлэл хадгалах, боловсруулалт хийх боломжтой болж эхэлж байна гэсэн үг. Сүүлийн үед cloud computing гэж их ярих болсон. Хамгийн сонгомол жишээ нь Amazon EC2 үйлчилгээ юм. Мөн одоо ид хөгжүүлэгдэж байгаа Google App Engine-ийг ч энд дурдаж болно.
Миний дээр дурдсан соошл үйлчилгээ, вэб 2.0 программууд нь уламжлалт вэбүүдийг бодвол илүү их техникийн нөөц боломж шаарддаг. Учир нь нэг дор олон хандалт, олон сейшон, олон өгөгдлийн баазын бичилтүүд нь багахан сайтын хувьд ч дан ганц серверээр амьдрах боломжийг хязгаарлаж байна.
Тиймээс цаашид аваргуудын дэд бүтцэд суурьлах, өөрийн кластеруудыг бий болгох гээд шийдэх дэд бүтэцтэй холбоотой олон асуудлууд вэб 2.0 чиглэлийн багахан вэб хөгжүүлэгчдэд ч тулгарч эхлэнэ. Ойрын хэдэн жилд интернэтийн нилээд хувь cloud computing дээр суурилсан аварга дэд бүтцүүдэд нэгдэх өөрөөр хэлбэл сараар тогтмол төлбөр төлж сервер түрээслэдэг хүмүүс, хэрэглэсэн хэмжээ, цаг, нөөцөөрөө төлбөр төлдөг хэлбэрт илүү шилжинэ гэсэн яриа ч байна.
Вэб 2.0-ийн ид хөгжлийн энэ үед нас хүйс, гарал угсаа харгалзахгүй олон залуус гайхам сайхан зүйлсийг сэтгэж, бахдам амжилтанд хүрч байна. Ийм маш олон вэб сайтуудыг энд дурдаж болно. Харин Монгол залууст ийм боломж бага ч атугай байх болов уу? Миний бодлоор байгаа, тэгэхдээ амжилтанд хүрнэ гэдэг Монголын 500 мянган интернэт хэрэглэгчидтэй биш, дэлхийн хэдэн зуун сая интернэт хэрэглэгчидтэй тоглох тухай асуудал. Тиймээс юу хийх тухай бодож эхлэхийн сацуу ямар дэд бүтэц, ямар архитектур ашиглах бэ гэдгээ сайтар тунгаах хэрэгтэй болов уу!


Сэтгэгдэлүүд:
Бодох л хэрэгтэй байх.
daanch hel gej neg gatsaa bna
Танай блогуудын RSS дээр хаяг нь http://.banjig.net гэсэн хэлбэрээр буруу гарч байна.
http://.banjig.net info@banjig.net
support@banjig.net
бас энд байгаа 2 хаяг руу нь энэ талаар нэлээн дээр мэдэгдсэн боловч засаагүй л байна...
За тэгээд Монголын интернет ертөнцөд хийж бүтээж буй их үйлсэд чинь амжилт хүсье! Цаашдаа бид хавтгай дэлхий дээр Google, Yahoo-той өрсөлдөхийг үгүйсгэхгүй, тэр нь Banjig байхыг ч бас таашгүй ;-D
< webMaster >support@banjig.net< /webMaster >
Хөгшөөн битгий ингэж 2-н хооронд юм хийж бай. Нэг бол орчуул, чадахгүй бол тэр хэлнийхээ тэр үгээр нь байлгасан нь дээр байдаг юм.
Сэтгэгдэл үлдээх: